2014-08-07

ӨӨРӨӨ ТЭЛЭГЧ СТЕНТ СУУЛГАЦ АШИГЛАЖ СУДСАН ДОТУУРХ АРГААР ГОЛ СУДАСНЫ ХАВХЛАГЫГ СОЛИХ (TAVR) АЖИЛБАРЫН ҮР ДҮН

Удиртгал
Бид өөрөө тэлэгч стент суулгац бүхий био-хиймэл хавхлагыг гол судасны хүнд зэргийн нарийсалтай өвчтөнүүдэд судсан дотуурх аргаар суулгах ажилбарыг мэс заслын аргатай харьцуулсан ба эдгээр өвчтөнүүдэд мэс заслын аргаар хиймэл хавхлага солих нь мэс заслын үед нас барах эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг.

Арга зүй
Бид судалгаанд оролцсон эмнэлэг бүрээс мэргэжлийн зүрх судасны багийнхан мэс заслын аргаар хавхлага солиулах нь өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон өвчтөнүүдийг сонгож авсан. Эрсдлийн үнэлгээг хийхдээ Цээжний Мэс засалчдын Нийгэмлэг (Society of Thoracic Surgeons)-ээс гаргасан Нас баралтыг урьдчилан тооцох шалгуурын дагуу болон бусад чухал ач холбогдолтой эрсдэлт хүчин зүйлсийг тооцсон. Сонгогдсон өвчтөнүүдэд гол судасны хавхлага солих ажилбарыг 1:1 харьцаатайгаар өөрөө тэлэгч стент суулгац бүхий судсан дотуурх арга (TAVR бүлэг) болон мэс заслын аргаар (мэс заслын бүлэг) хийж гүйцэтгэсэн. Судалгааны хүлээгдэж буй анхдагч үр дүнгээр 1 жилийн доторхи бүх шалтгаант нас баралтыг сонгон авч noninferiority (ач холбогдлын хувьд дутуугүй эсэхийг үнэлэх) болон superiority (ач холбогдлын хувьд илүү эсэхийг үнэлэх) анализыг аль алийг нь хийлээ.


Үр дүн
АНУ даяар 45 эмнэлэг судалгаанд оролцож нийт 795 өвчтөн хамрагдсан. As-treated анализ (эмчилгээ бүрэн хийгдсэнээс хойшхи үр дүнд анализ хийх аргачлал)-аар 1 жилийн доторхи бүх шалтгаант нас баралтын хувь мэс заслын бүлэгтэй харьцуулахад TAVR бүлэгт ач холбогдолт өгөхүйц ялгаатай бага байсан (мэс заслын бүлэгт 19.1%, TAVR бүлэгт 14.2%) ба абсолют ялгаа 4.9% (итгэх интервал 95%, noninferiority анализын хувьд Р<0.001, superiority анализын хувьд P = 0.04) Intention-to-treat анализ (эмчилгээ хийх шийдвэр гарснаас хойшхи үр дүнд анализ хийх аргачлал)-ын үр дүн дээрхитэй адил байлаа. Шаталсан үнэлгээгээр (hierarchical testing) зүрхний хэт авиан шинжилгээн дэхь хавхлагын нарийслын индекс, үйл ажиллагааны статус, амьдралын чанар зэрэг үзүүлэлт тус бүрийн хувьд TAVR нь мэс заслын аргаас дутуугүй болох нь тогтоогдож байв. Exploratory анализ (судалгааны нийт үр дүнг тоймлон дүгнэх анализ)-аар зүрх судасны болон тархины судасны томоохон сөрөг үр дагаварууд болон харвалтын эрсдэл буурч байгаа нь ажиглагдлаа.


Дүгнэлт
Мэс заслын эрсдэл өндөр байгаа гол судасны хавхлагын хүнд зэргийн нарийсалтай өвчтөнүүдэд өөрөө тэлэгч суулгац бүхий био-хиймэл хавхлага бүхий TAVR ажилбар нь мэс заслын аргаар хавхлага солих ажилбартай харьцуулахад 1 жилийн доторхи бүх шалтгаант нас баралт буурахтай холбоотой байна.

Эх сурвалж:
Transcatheter Aortic-Valve Replacement with a Self-Expanding Prosthesis

No comments:

Post a Comment