2014-08-07

2013 ОНЫ ФИЗИОЛОГИ БА АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ

2013 оны 10 сарын 7-нд Нобелийн шагналын хорооны Karolinska Institutet-д болсон хуралдаанаар энэ жилийн физиологи ба анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Иелийн Их Сургуулийн Эсийн биологийн тэнхимийн профессор, эрхлэгч James E. Rothman,Калифорнийн Их Сургуулийн Молекул ба Эсийн биологийн тэнхимийн профессор Randy W. Schekman, Стэнфордын Их Сургуулийн Молекул ба Эсийн физиологийн тэнхимийн профессор Thomas C. Südhof нарт "Эс дэхь цэврүү зөөвөрлөгдөлтийг зохицуулах аппарат, тээвэрлэлтийн үндсэн систем"-ийн талаар хийсэн судалгааны ажилд нь олгожээ.

 Эдгээр эрдэмтэд өөрсдийн бүтээлээрээ эс өөрийн зөөвөрлөлтийн системийг хэрхэн зохион байгуулдаг нууцыг нээсэн юм. Ямарваа эс олон төрлийн молекулыг үйлдвэрлэж, түүнийгээ гадагш ялгаруулж байдаг нэг төрлийн үйлдвэр юм. 

Жишээлбэл инсулин нь нойр булчирхайн дотоод шүүрлийн эсүүдэд үйлдвэрлэгдэж цусны урсгал руу чөлөөлөгддөг бол нейротрансмиттер гэгдэх химийн дохио дамжуулагчид нэг мэдрэлийн эсээс нөгөөд зөөвөрлөгдөж байдаг. Эдгээр молекулууд нь эсийн дотор цэврүүнцэр гэгдэх жижигхэн хүүдийд агуулагдаж зөөгдөнө. Энэ жилийн Нобелийн физиологи ба анагаах ухааны салбарын эзэд маань эс дэхь энэхүү зөөвөрлөлт зөв газраа, зөв цагтаа хэрхэн хүрч очдог молекулын зарчмыг нээсэн байна. 



Randy Schekman цэврүү зөөвөрлөлтөнд шаардлагатай бүлэг генүүдийг нээсэн бол James Rothman зөөвөрлөлт хийгч цэврүүнцэрүүд өөрсдийн байд уусаж нэгдэхийг нөхцөлдүүлдэг уургийн аппаратын нууцыг тайлж, Thomas Südhof цэврүүнцэрүүд өөрсдийн зөөвөрлөж буй ачааг нарийвчлалтайгаар ялгаруулж гаргахыг удирддаг дохиоллыг нээжээ. 

No comments:

Post a Comment